"Хуульчийн мэдээ" | Page 9

ЯРИЛЦЛАГА
ÕÓÓËüчийн мэдээ
9
чухал. Түүнээс гадна хуульчид зөвхөн мэргэжлийн хүрээндээ ч биш нийгмийн эрх зүйн ухамсрыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг тул тэр хэрээрээ өндөр мэдлэг, ур чадвар шаарддаг.
-Шалгалтыг хэзээ авахаар товлоод байна вэ?
-Энэ жилийн шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 04-06-нд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар товлоод байгаа.
-Шалгалтын товыг хэзээ, ямар хэлбэрээр зарлах вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Хуульчийн шалгалтын товыг уг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана гэж заасан. Тиймээс одоо төлөвлөж байгаагаар энэ оны 11 дүгээр сарын 4, 5, 6-нд Хуульчдын холбооноос хуульчийн шалгалтыг авахаар эцэслэн товловол наймдугаар сарын 19-нөөс эхлэн албан ёсоор зарлахаар байгаа. Манай зүгээс хуульд заасны дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлахаас гадна Хуульчдын холбооны цахим хуудсанд тухай бүрт мэдээллээ байршуулаад явна.
-Хуульчийн мэргэжлийн шалгалт нь агуулга, хэлбэрийн хувьд өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдөж байгаа зүйл бий юу?
-Сүүлийн 2 жилд зохион байгуулсантай ерөнхийдөө адил хэлбэр, бүтэцтэй. Сорилгын буюу тест эхний хэсэг байна. Тэнцсэн оролцогчид бодлогын шалгалтыг өгнө. Авбал зохих дээд оноо нь сорилгын шалгалтад 40, бодлогын шалгалтад 60 байх бөгөөд хоёр шалгалтад авбал зохих нийт оноо 100 байна. Сорилгын даалгавар 200, дөрвөн сонголттой хариулттай байна. Даалгаврыг гүйцэтгэх хугацаа нь 150 мин байхаар одоогийн байдлаар журамд тусгаад байна Сорилгыг цахим хэлбэрээр авна. Тиймээс дүн нь тэр дороо өөрт нь шууд ил харагдаж, цахимаар бүртгэгдэнэ. Сорилгын шалгалтад тэнцсэн буюу нийт онооны 60 хувьтай тэнцэх 24 ба түүнээс дээш оноо авсан оролцогчид бодлогын даалгаврыг гүйцэтгэнэ. Эрх зүйн үндсэн гурван чиглэлээр нэгдүгээрт Үндсэн хууль, Захиргааны эрх зүй, болон тэдгээрийн процессын эрх зүй хоёрт Иргэний эрх зүй, түүний процессын эрх зүй гуравт Эрүүгийн эрх зүй, түүний процессын эрх зүйн чиглэлээр тус бүр нэг, нийтдээ гурван бодлогын даалгавар гүйцэтгэнэ. Нэг бодлогын даалгавар гүйцэтгэх хугацаа 150 мин байна.
-Тест болон бодлогын ном хэзээ бэлэн болох вэ?
-Энэ зургадугаар сард хэвлэлтээс гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
-Тест алдаатай байна гэх шүүмжлэл байдаг. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Шалгалтын хорооноос байгуулсан ажлын хэсгээс өмнө зохиогдсон сорилгын алдааг хянуулж, нэгдсэн дүгнэлт гаргасан. Түүнд тулгуурлаад энэ жилийн сорилгод тавих ерөнхий шаардлагыг боловсруулж, энэ шаардлагад нийцүүлэн сорилгыг зохиолгож байна. Мөн зохиосон сорилгыг дахин тухайн салбараар мэргэшсэн хуульчаар дахин хянуулж байна. Хэрэв хянасан хуульчаас зөвлөмж өгсөн бол тэр дагуудахин сайжруулсан байдлаар сорилгыг хүлээн авч байгаа. Тиймээс сорилго алдаагүй, мэдлэг шалгахуйц, мөн өгсөн цагт амжиж гүйцэтгэх шалгуурыг хангахуйц байна гэж найдаж байна.
-Шалгалт өгөх эрх зүйчдэд зориулсан сургалтыг хэзээнээс, ямар хэлбэрээр зохион байгуулах вэ?
-Шалгалтын хорооноос хуульчийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа эрх зүйч нарт зориулаад бодлогын аргачлалын нэгдмэл ойлголт өгөх сургалтыг зохион байгуулахаар хөтөлбөр боловсруулж байна. Ер нь бол сургалтын чанарыг сайжруулах, нэгдсэн нэг арга хэлбэрт оруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Өөр өөр хууль зүйн сургууль төгсөгчид шалгалтад ордог учир хууль тогтоомжийн хэрэглээ, тохиолдол бодлого шийдэхэд өөр аргачлал ашигладаг нь өмнөх хуульчийн шалгалтын явцад нийтлэг ажиглагдсаныг судалгаанд дүгнэсэн байна. Тиймээс үүнийг анхаарч сургалтыг аль болох хүртээмжтэй, олон удаагийн давтамжтайгаар зохион байгуулахад анхаарна. Мөн шинэ батлагдсан хуулиар тодорхой ойлголт өгөх сургалтыг зохион байгуулах боломжтой. Нарийвчилсан мэдээллийг тухай бүрт нь Хуульчдын холбооны цахим хуудаснаас авах боломжтой.
-2.5 жилээр төгссөн эрх зүйчид Хуульчийн мэргэжлийн шалгалтад орох боломжтой юу?
-Хуульчдын холбооны магадлан итгэмжлэх үйл ажиллагаа хэрэгжиж эхлэсэн цагт л энэ талаар хариулт тодорхой болох байх. Нэгэнт энэ чиг үүргийг Хуульчдын холбоо шилжүүлэн аваад нэг сар хагасын хугацаа өнгөрч байгаа тул өнөөдрийн байдлаар Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлээр магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөн бүхэн
хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхтэй хэвээр байгаа.
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцно гэсэн байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульчийн шалгалт өгөх эрх нь дараах хоёр шаардлага хангасан тохиолдолд нээгдэнэ: Нэгдүгээрт, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байх. Энэ чиг үүргийг Хуульчдын холбоо 2016.04.15-наас мөн шилжүүлэн авсан. Нэгэнт магадлан итгэмжлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхлээгүй байгаа тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Боловсролын тухай хуульд заасан шаардлага хангасан магадлан итгэмжлэгдсэн аль нэг хууль зүйн их дээд сургуулийг төгссөн байхыг шаардана гэсэн үг. Хоёрдугаарт, Хууль зүйн сургуулийг төгсөж хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байхыг шаардана. Мэргэжлийн дадлага гэж юуг тооцох вэ гэдэгтэй холбоотой Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д нэрлэн заасан 4 ажил, албан тушаал бий. Түүнээс гадна өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар, эсхүл гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлэн мэргэжлийн дадлагад тооцохоор хуульд заасны дагуу Шалгалтын хорооноос энэ журмын төслийг боловсруулж, шалгалтын журамтай хамт хэлэлцүүлэхэд бэлтгээд байна.
-Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн манай улсын иргэн эсвэл гадаадын иргэн хуульчийн шалгалтад орох боломжтой юу?
-Шалгалтын журамтай холбоотой хоёр дахь журам нь Гадаад улсад хууль зүйн сургуулийг төгссөн хүн хуульчийн шалгалтад орох журам. Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийн агуулга, багтаамжаар ялгаатай улсад хууль зүйн сургууль төгссөнийг тооцох сургалтын үргэлжлэх хугацаа, олгох боловсролын зэргийн нэршил зэргийг энэ журмаар тодруулан зохицуулахаар оруулсан.
Шалгалттай холбоотой журмууд, шалгалтын тов, сургалт, сорилго, бодлогын эмхэтгэл зэрэг бүх мэдээллийг Монголын Хуульчдын холбооны www. mglbar. mn хуудаснаас үзэх боломжтой.