"Хуульчийн мэдээ" | Page 11

тайлан
ÕÓÓËüчийн мэдээ
8.“ Өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг хангах”
Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох, тэдгээрт хууль зүйн туслалцаа үзүүлэхэд буюу мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар, саадгүй явуулахад хууль, дүрэмд заасан зарим эрх зөрчигдсөөр байна. Тухайлбал, Улсын бүртгэл, Статискийн газар, Гааль, татварын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа, тодорхойлолт, хуулбар авах шаардлага гардаг боловч холбогдох байгууллагуудад хандахад хүнд суртал гарган, чирэгдүүлэх явдал байнга гардаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг“ Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ мэдээллийг гаргуулан авахын тулд шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, бусад байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй”, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт“ Энэ хуулийн 40.3-т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн энэхүү заалтыг бодитой хэрэгжүүлэх үүднээс Монголын Хуульчдын холбооны зүгээс холбогдох байгууллага албан тушаалтнуудтай уулзалт, зөвлөгөөн хийж, санал солилцох, Хууль зүйн сайдад дээрх заалтыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хууль журмын дагуу бүрдүүлж өгөх талаар албан тоот хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Холбоо дээрх асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд хийж болох арга хэмжээг цаашид шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хорооноос 2016 оны хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл, Өмгөөлөгчид шүүхүүдийн байранд ажиллах албан ёсны ажлын өрөөтэй болох эхлэл тавигдсан нь өмгөөлөгчдийн ажиллах орчин нөхцөлд чухал нөлөө үзүүлсэн төдийгүй нийт өмгөөлөгчдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо. Мөн Өмгөөлөгчдийг хариуцлагын даатгалд хамруулах ажлыг идэвхжүүлснээр өмгөөлөгчид үүргийн биелэлтээ хангахын зэрэгцээ иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ажил болсон юм. Өмгөөллийн нөхөрлөлүүдийг албан ёсоор бүртгэж, гэрчилгээ олгосон нь өмгөөллийн нөхөрлөлүүдийг Холбооны ажилд идэвхтэй оролцуулах, тэдний үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн дорвитой арга хэмжээ болж чадлаа.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: ХОРОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б. НЯМХОРОЛ
11