"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл Төрийн хүн | Page 5

Ярилцлага 5
Монголын эдийн засаг элгээрээ хэвтлээ гэх юм ? Та ямар дүгнэлт өгөх вэ ?
1990 оноос хойш дундаж наслалт 8 орчим жилээр нэмэгдэж , дотоодын нийт бүтээгдэхүүн ( ДНБ ) 4,7 дахин өссөн . Нэг хүнд ногдох бүтээгдэхүүн 4129 ам . доллар болсноор бага орлоготой орноос дунд орлоготой орны тоонд орох болсон нь жаахан ч гэсэн гэрэл гэгээ . ДНБ-ий өсөлтийг сүүлийн 16 жилээр авч үзэхэд өсөлтийн хурд харилцан адилгүй , савлагаа , хэлбэлзэл өндөртэй байгаа юм . Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд манай эдийн засаг царцанги байдалд орж , газар сайгүй хямарлаа гэж яриад эхэлсэн . Дотоодын аж ахуйн нэгжүүдийн зарим нь дампуурлаа зарлан хаалгаа барьж , арай дөнгүүр нь ажиллах хүчээ цомхтгож эхлэв . Ажилгүйдлийн түвшин өсөж , хүмүүсийн худалдан авах чадвар багасч байна . Чанаргүй зээлийн хэмжээ их болж байгааг Төв банкнаас сануулсаар байна . Энэ бүхэн эдийн засгийн хүнд үеийг илэрхийлж буй хэрэг .
Яагаад ийм болов ? Үүнд гадаад зах зээл их нөлөөлсөн үү ?
Мэдээж нөлөөлсөн . Барааны үнэ унаснаас манай экспортын гол түүхий эдийн борлуулалтын хэмжээ багасч , орж ирэх валютын хэмжээ эрс буурсан . Нөгөө талаар манай төрийн бодлогын шийдлээс хамаарч гадаадын хөрөнгө оруулалт зогссон . Бас нэг санаа зовоосон асуудал бол олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон бондын өр төлбөрийг 2017 оноос төлж эхэлнэ . Гэтэл төсөв алдагдалтай . Хуримтлал үүсгэх шаардлагатай ч мөнгө нь байхгүй гэх мэт зовлон бий . Уг нь олон жилийн өмнөөс орлого их байх үед хуримтлал үүсгэх байсан . Мөчлөг сөрсөн бодлого явуулах шаардлагатай гэж дуугарсан ч биеллээ олоогүй учраас орлого , мөнгөний нөөц сайнгүй байна . Ойрын ирээдүйд эдийн засгийн төлөв байдал хүндрэлтэй байх болов уу . Азийн хөгжлийн Банкны судалгаагаар эдийн засгийн өсөлт 2016 онд 0,1 %, 2017 онд 0,5 % болох төлөвтэй байна . Энэ бүхний эцэст юу чухал вэ гэхээр мөнгө санхүүгийн бодлого , төсвийн сахилга бат маш чухал .
Та жил бүрийн улсын төсөвт судалгаа хийдэг эдийн засагч хүн . Төсвийн хүндрэл яг юунаас шалтгаалаад байна ? Эдийн засаг хямарсан нь төсвийн буруу зарцуулалтаас үүдэлтэй юу ? Ер нь төсвийн талаар ямар бодлого баривал зөв гэж та боддог вэ ?
УИХ-ын гишүүд төсвийн зарцуулалтын эцсийн шийдвэрийг гаргаж , Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв дээр гишүүд хязгааргүй эрхтэйгээр оролцож өөрчлөлт хийдэг . Энэ нь УИХ-ын гишүүд тойрог тойргоос сонгогддогтой нь холбоотой . Тэд улсын хэмжээнд биш тойргийнхоо хэмжээнд сэтгэдэг . УИХ-д хэн их дуу хоолойгоо гаргасан нь эсвэл нэр нөлөөтэй нь тойрогтоо илүү санхүүжилт татчихдаг . Улсын хөрөнгө оруулалтыг томоор нь харсан , урт хугацаанд үр өгөөжтэй төсөл хөтөлбөр , нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтуудыг бодлогын яамдаас боловсруулдаг ч төсвийг захиран зарцуулалт шийдвэр гаргагчдаас шалтгаалж алдаатай төсөв батлагддаг . Төсвийг жил бүр тодотгодог нь үүний тод жишээ . Тодотгоно гэдгээ мэдсээр байж маш өөдрөг төсөв баталдаг нь өнөөдрийг хүртэл хэвээр байна . Бүрдэж амжаагүй орлогыг бий болсон мэтээр хийсвэр сэтгэж , зарцуулалтаа өндөр хэмжээнд баталдаг . Гэтэл тухайн жилдээ ханшийн зөрүүнээс , аж ахуйн нэгжүүд ашигтай үйл ажиллагаа явуулж чадаагүйгээс , экспортын бүтээгдэхүүний үнэ , хэмжээ буурснаас шалтгаалж төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ бүрдэж чадалгүй том алдагдал хүлээдэг .
Гадаад худалдаа , гадаад зах зээлээс хэт хамааралтай эмзэг эдийн засагтай манайх шиг улсын хувьд эдийн засгийн мөчлөгийн эсрэг бодлого явуулах хэрэгтэй . Уул уурхайн бүтээгдэхүүн , байгалийн баялгийн үнэ өндөр байхад орлого их орж таарна . Тэр үедээ аль болох хуримтлал бий болгоод олон улсын зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ унасан үед төсвөө тэлэх замаар эдийн засгаа тэтгэдэг байх ёстой . Гэтэл бид олсныхоо хэрээр үрчихдэг . Эдийн засгийн хямралын гол шалтгаан нь энэ . Зүй нь төсвөө зөв зарцуулах талд анхаарах хэрэгтэй . 2016 , 2017 онд эдийн засаг шууд сайжирна гэсэн итгэл алга . Гэхдээ үүнээс хүнд үе бидэнд байсан . Хамгийн гол нь шийдвэр гаргагчдаас л бүх зүйл хамаарна . Энэ он сонгуулийн жил . Сонгуулийн үеэр эдийн засгийн салбараа орхигдуулдаг том гэм бий . Тийм зүйл битгий давтагдаасай гэж бодож байна . Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө үндэсний хэмжээнд үзүүлэх нөлөөг томоор нь харах ёстой . Жишээ нь таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг миний хувьд дэмжихгүй байгаа . Бодлогын хүү 12 % -тай байхад хүүгийн зөрүүг хэрхэн нөхөх вэ гэх зэрэг олон асуудлууд дагуулж буй . Өнөө маргаашдаа сонгогчдод таалагдахаар шийдвэр гаргаж байгаа ч гэсэн эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирнэ гэдгийг мартаж болохгүй .