"Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл "Төрийн хүн" сэтгүүл Б.Мөнхсоёл | Page 5

Ярилцлага 5
Монголын эдийн засаг элгээрээ хэвтлээ гэх юм? Та ямар дүгнэлт өгөх вэ?
1990 оноос хойш дундаж наслалт 8 орчим жилээр нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн( ДНБ) 4,7 дахин өссөн. Нэг хүнд ногдох бүтээгдэхүүн 4129 ам. доллар болсноор бага орлоготой орноос дунд орлоготой орны тоонд орох болсон нь жаахан ч гэсэн гэрэл гэгээ. ДНБ-ий өсөлтийг сүүлийн 16 жилээр авч үзэхэд өсөлтийн хурд харилцан адилгүй, савлагаа, хэлбэлзэл өндөртэй байгаа юм. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд манай эдийн засаг царцанги байдалд орж, газар сайгүй хямарлаа гэж яриад эхэлсэн. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн зарим нь дампуурлаа зарлан хаалгаа барьж, арай дөнгүүр нь ажиллах хүчээ цомхтгож эхлэв. Ажилгүйдлийн түвшин өсөж, хүмүүсийн худалдан авах чадвар багасч байна. Чанаргүй зээлийн хэмжээ их болж байгааг Төв банкнаас сануулсаар байна. Энэ бүхэн эдийн засгийн хүнд үеийг илэрхийлж буй хэрэг.
Яагаад ийм болов? Үүнд гадаад зах зээл их нөлөөлсөн үү?
Мэдээж нөлөөлсөн. Барааны үнэ унаснаас манай экспортын гол түүхий эдийн борлуулалтын хэмжээ багасч, орж ирэх валютын хэмжээ эрс буурсан. Нөгөө талаар манай төрийн бодлогын шийдлээс хамаарч гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Бас нэг санаа зовоосон асуудал бол олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон бондын өр төлбөрийг 2017 оноос төлж эхэлнэ. Гэтэл төсөв алдагдалтай. Хуримтлал үүсгэх шаардлагатай ч мөнгө нь байхгүй гэх мэт зовлон бий. Уг нь олон жилийн өмнөөс орлого их байх үед хуримтлал үүсгэх байсан. Мөчлөг сөрсөн бодлого явуулах шаардлагатай гэж дуугарсан ч биеллээ олоогүй учраас орлого, мөнгөний нөөц сайнгүй байна. Ойрын ирээдүйд эдийн засгийн төлөв байдал хүндрэлтэй байх болов уу. Азийн хөгжлийн Банкны судалгаагаар эдийн засгийн өсөлт 2016 онд 0,1 %, 2017 онд 0,5 % болох төлөвтэй байна. Энэ бүхний эцэст юу чухал вэ гэхээр мөнгө санхүүгийн бодлого, төсвийн сахилга бат маш чухал.
Та жил бүрийн улсын төсөвт судалгаа хийдэг эдийн засагч хүн. Төсвийн хүндрэл яг юунаас шалтгаалаад байна? Эдийн засаг хямарсан нь төсвийн буруу зарцуулалтаас үүдэлтэй юу? Ер нь төсвийн талаар ямар бодлого баривал зөв гэж та боддог вэ?
УИХ-ын гишүүд төсвийн зарцуулалтын эцсийн шийдвэрийг гаргаж, Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв дээр гишүүд хязгааргүй эрхтэйгээр оролцож өөрчлөлт хийдэг. Энэ нь УИХ-ын гишүүд тойрог тойргоос сонгогддогтой нь холбоотой. Тэд улсын хэмжээнд биш тойргийнхоо хэмжээнд сэтгэдэг. УИХ-д хэн их дуу хоолойгоо гаргасан нь эсвэл нэр нөлөөтэй нь тойрогтоо илүү санхүүжилт татчихдаг. Улсын хөрөнгө оруулалтыг томоор нь харсан, урт хугацаанд үр өгөөжтэй төсөл хөтөлбөр, нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтуудыг бодлогын яамдаас боловсруулдаг ч төсвийг захиран зарцуулалт шийдвэр гаргагчдаас шалтгаалж алдаатай төсөв батлагддаг. Төсвийг жил бүр тодотгодог нь үүний тод жишээ. Тодотгоно гэдгээ мэдсээр байж маш өөдрөг төсөв баталдаг нь өнөөдрийг хүртэл хэвээр байна. Бүрдэж амжаагүй орлогыг бий болсон мэтээр хийсвэр сэтгэж, зарцуулалтаа өндөр хэмжээнд баталдаг. Гэтэл тухайн жилдээ ханшийн зөрүүнээс, аж ахуйн нэгжүүд ашигтай үйл ажиллагаа явуулж чадаагүйгээс, экспортын бүтээгдэхүүний үнэ, хэмжээ буурснаас шалтгаалж төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ бүрдэж чадалгүй том алдагдал хүлээдэг.
Гадаад худалдаа, гадаад зах зээлээс хэт хамааралтай эмзэг эдийн засагтай манайх шиг улсын хувьд эдийн засгийн мөчлөгийн эсрэг бодлого явуулах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүн, байгалийн баялгийн үнэ өндөр байхад орлого их орж таарна. Тэр үедээ аль болох хуримтлал бий болгоод олон улсын зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ унасан үед төсвөө тэлэх замаар эдийн засгаа тэтгэдэг байх ёстой. Гэтэл бид олсныхоо хэрээр үрчихдэг. Эдийн засгийн хямралын гол шалтгаан нь энэ. Зүй нь төсвөө зөв зарцуулах талд анхаарах хэрэгтэй. 2016, 2017 онд эдийн засаг шууд сайжирна гэсэн итгэл алга. Гэхдээ үүнээс хүнд үе бидэнд байсан. Хамгийн гол нь шийдвэр гаргагчдаас л бүх зүйл хамаарна. Энэ он сонгуулийн жил. Сонгуулийн үеэр эдийн засгийн салбараа орхигдуулдаг том гэм бий. Тийм зүйл битгий давтагдаасай гэж бодож байна. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө үндэсний хэмжээнд үзүүлэх нөлөөг томоор нь харах ёстой. Жишээ нь таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг миний хувьд дэмжихгүй байгаа. Бодлогын хүү 12 %-тай байхад хүүгийн зөрүүг хэрхэн нөхөх вэ гэх зэрэг олон асуудлууд дагуулж буй. Өнөө маргаашдаа сонгогчдод таалагдахаар шийдвэр гаргаж байгаа ч гэсэн эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирнэ гэдгийг мартаж болохгүй.