Сүхбаатарын Дэмчиг НАМТАР | Page 4

Бидний нийтлэлийн баатар Өвөрхангай аймгийн Ханхөгшин уулын хошуу, Хөгшинтээлийн нуруугаар нутагтай, эмийн санч Чойнорын Сүхбаатар, Есөнзүйл сумын уугуул газарзүйн багш Авирмэдийн Мягмар нарын ууган хүү болон мэндэлжээ. Өвөө нь хожмын учрал ерөөл, бэлгэ дэмбэрлийг бодож авга талынх нь нутаг усандаа хүндтэй Дэмчиг хэмээх ламын нэрийг хайрласнаар түүнд удмынхаа нэрийг сэвтээлгүй авч явах үүрэг хариуцлага оногдсон гэлтэй.
Тэрбээр“ Ээж минь намайг гурван настай байхаас миний талаар тэмдэглэл хөтөлж үлдээсэн. Ээжийн минь захиа, захиас миний амьдралд ихээхэн урам зориг өгдөг. Түүгээр би ирлэгдэж, хурцлагдаж өдий зэрэгт хүрсэн” гэж ярьсан юм.
Тэрхүү холч ухаант эх энэ цаг үед хүүдээ гарын цайгаа чанаж өгч, дэргэд нь суунгаа магнайд нь бурзайх хөлсийг нь арчиж, элдвийг хүүрнэх учрал тохиохооргүй алсад одсон ч“ Миний хүү сайн хүн болоорой” хэмээн цагаан цаасан дээр хар бэхээр бичиж үлдээсэн захиас хүүд нь хүмүүжлийн чиг шугам, зөв явахын гэрэлт жим болжээ.
Түүнийг ямар санаачилгатай, хөдөлгөөнтэй, сэргэлэн, мэрийлттэй оюутан байсныг оюутан ахуй цагтаа хийсэн ажил, үйл нь харуулдаг.
Есөнзүйл сумандаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөхөөр аймгийн төв явахад нь“ Тэнцэхгүй бол Солонгос явуулж ажил хийлгэнэ” гэсэн яриа хамаатан садных нь дунд өрнөж. Харин С. Дэмчиг хүү нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгөөд хамгийн өндөр оноо авч нэгдүгээрт жагсжээ.
Ийнхүү аймгийн хэмжээнд ирсэн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн хоёрхон хуваариас хамгийн түрүүнд сонголтоо хийх эрхтэй болсон байна.
Гэвч Олон улсын эрх зүйн ангид орвол ямар мэргэжилтэн болохыг сайн мэдэхгүй тул аймгийн Хуульзүйн зөвлөгөө өгөх төв дээр очиж“ Олон улсын эрх зүйн ангид суралцвал төгсөөд ямар ажил хийх юм бол” гэж хүмүүсээс асуугаад“ Дипломатч болно” гэсэн хариу сонссоноор уг хуваарийг сонгож, намар нь Монгол Улсын их сургууль хэмээх эрдмийн их өргөөний хаалгаар алхаж, оюутны амьдралтай золгожээ.
“ Оюутны дотуур байрны нэг тасагт үеийн дөрвөн хөвгүүн амьдарч, 25 кг-ын гурилыг сар хүрэхгүй хугацаанд дуусгачихдаг байлаа.
Бас ч үгүй хөдөлгөөнтэй, сэргэлэн оюутнууд болохоор оройгоор давхар сурдаг оюутнуудын курсын ажил, дипломын ажлыг хааяа бичиж халаасны мөнгөө олчихдог байж билээ. Одоо бодоход оюутан насны хамгийн жаргалтай өдрүүд оюутны байранд өнгөрчээ” хэмээн санагалзсан.
Их сургуулийн нэгдүгээр дамжаагаа дүүргэсэн зун амралтаараа эгчээсээ хэдэн төгрөг зээлж“ Нарантуул” захад хувцасны лангуу нээж үзсэн. Монголын үндэсний телевизийн цуврал реалити шоуны нэг“ Англиар ярих уу, яах уу” шоунд оролцож, нэг сарын хугацаанд англи хэлийг хамгийн сайн сурснаар ялагч болж байсан.
УИХ-ын Тамгын газарт дадлага хийсэн төгсөх ангийн оюутан ажлын санал авч, УИХ-ын гишүүн Д. Зоригтын ажлын албанд ажилласан, сурах хүсэл эрмэлзэл ихтэй, хүний итгэлийг даах чадвартай нэгэн билээ тэр.
4