"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/ | Page 10

гадаад харилцаа
ÕÓÓËüчийн мэдээ
Ж. ХУНАН: ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ БҮС НУТАГ, ОЛОН УЛСАД БҮРЭН ТАНИУЛАХАД ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙНА
Түрүүч нь I нүүрт
Ялангуяа 2016 он бол онцгой жил байсан. Учир нь Азийн Хуульчдын холбоодын дээд хэмжээний ээлжит Чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэхүү дээд хэмжээний Чуулга уулзалтад 11 улсын 41 зочин төлөөлөгч оролцсон. Үүнээс гадна хэд хэдэн улсын Хуульчдын холбоо, нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Жишээ нь: Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудтай харилцах чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Австралийн Хуульчдын нийгэмлэг, Малайзын Хуульчдын холбоо болон Хонгконгийн Хуульчдын холбоотой санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд харилцан туршлага хуваалцах, тодорхой асуудлаар арга хэмжээ зохион байгуулах зэрэг боломжууд нээгдэж байгаа юм. Мөн олон улсын байгууллага, гадаадын сургууль, мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж ажилласан. Жишээ нь: Америкийн Нэгдсэн Улсын Пенсильвани мужийн Их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Самуэл Л. Баффорд, профессор Жулиа М. Метцгер нартай хамтран Хуульчдын холбооны гишүүн хуульчдад“ Нотлох баримтын эрх зүй”,“ Олон улсын бизнесийн гүйлгээний эрх зүй”,“ Барьцаат гүйлгээний эрх зүй”,“ Олон улсын худалдааны эрх зүй” сэдвээр сургалт зохион байгуулсан. Улаан загалмайн хороотой хамтран“ Хүчирхийлэл, гэмт халдлагын үед олон улсын хүмүүнлэг, хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.
- Энэ жил Хуульчдын холбооноос гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
Энд онд холбооны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн тодорхой ажлыг төлөвлөж байна. Тухайлбал ОХУ-ын Буриад Улсын Их Сургуулиас зохион байгуулдаг“ Ази Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох, Law Asia бүсийн байгууллагад гишүүнээр элсэх, бүсийн болон олон улсын хурал, семинарт Монголын хуульчдыг оролцуулах зэрэг болно. Үүнээс гадна хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байгууллагуудтай тодорхой ажлуудыг хийх, санамж бичгийн хүрээнд тохирсон ажлуудаа бодит ажил болгох чиглэлээр ажиллана. Олон улсын байгууллагууд болон бусад улсын ижил төстэй байгууллагууд ер нь Монголын Хуульчдын холбоог шинээр
байгуулагдсан болон бусад хуульд заасан онцгой чиг үүрэг / хуульчдын мэргэжлийн хариуцлага, хууль зүйн сургуулиудын магадлан итгэмжлэл, хуульчдын давтан сургалт гэх мэт / хэрэгжүүлдэг гэдэг утгаар нь дэмжих, хамтран ажиллах сонирхолтой нь харагдсан шүү.
- Монголын Хуульчдын холбоо гадаад харилцааны ямар бодлого барьж байна вэ?
Юуны өмнө Монголын Хуульчдын холбоог бүс нутаг, олон улсын хэмжээнд бүрэн таниулж, Монголын хуульчдыг олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах суурь, нөхцөлийг бүрдүүлэх, хуульчдын хариуцлага, мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Монголын Хуульчдын холбоо өнгөрсөн жил Азийн Хуульчдын холбоодын дээд хэмжээний 26 дугаар ээлжит Чуулга уулзалтыг зохион байгуулаад оролцсон байгууллагууд болон Олон улсын Хуульчдын холбооноос их өндөр үнэлгээ авсан. Олон улсын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Дэвид Ривкин тус уулзалтад өөрөө хүрэлцэн ирж оролцсон нь чухал ач холбогдол өгснийг илэрхийлж буй хэрэг юм. Тиймээс энэ эрчээ алдахгүй олон улсын хууль зүйн салбарын хөгжил, дэвшилтэй хамт алхана даа.
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б. ГҮНБИЛЭГ ЯПОН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
10
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Японы Хууль зүйн яамны Сургалт, судалгааны институтийн профессор, улсын өмгөөлөгч Кэй Хирота, Рио Юкава болон сургалт хариуцсан мэргэжилтэн Юки Күдо нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэг Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага(“ Жайка”)- аас Монгол Улсад хэрэгжүүлсэн“ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” амжилттай хэрэгжсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид эвлэрүүлэн зуучлалын тогтолцоонд тулгарч буй асуудалд анхаарах, мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэх, хууль зүйн салбарын боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа талаар дурдаад байгаль орчны эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, эрүүгийн хэргийн төлбөрийн чадваргүй гэрч, хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах нэн шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.
Уулзалтад Хуульчдын холбооны Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б. Бат-Орших, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д. Түвшинтамир нар оролцож, Монголын Хуульчдын холбооноос Японы Хууль зүйн яам болон хууль зүйн салбарын бусад байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.