Буурай ээж Д. Даваажав:
ХҮҮ МААНЬ ЗӨВ УХАМСАР, БОР ЗҮРХЭЭРЭЭ Л ХҮН БОЛСОН ДОО
Хүүгийн минь ээж манай гурав дахь хүүхэд. Цэл залуугаараа бурханы орон руу яваад өгсөн. Хүүхдүүд нялхаараа өнчирч үлдсэн болохоор ээжийгээ сайн мэддэггүй. Охин маань ухаантай, эрдэмтэй сайхан хүн байсан даа. Удаан амьдрахгүй гэдгээ мэдээд хүүдээ зориулан захидал бичиж үлдээсэн байдаг. Тэр захиа хүүд маань их хань болдог байсан гэж би боддог. Бурхан болохоос нь өмнө би хоёр сар дэргэд нь байж асарсан юм. Тэгэхэд дандаа л“ Хүүгээ сайн хүн болгох сон” гэж ярьдаг байсан. Талийгаачаас хойш эгч дүү нар нь хоёр өнчин хүүхдийг хүний дор оруулчихгүй юм сан гэж хичээдэг байлаа. Гэхдээ хичээл ном, сургууль соёлд нь оролцож байгаагүй.
Дэмчиг маань багадаа сэргэлэн цовоо, ажилсаг хүүхэд байсан. Адуу малд их ойр өссөн. Өнчирч хоцорлоо гээд сэтгэл санаа, зан аашаа эвдээгүй, зөв ухамсар, бор зүрхээрээ л хүн болсон доо. Хүүгээ өдий зэрэгтэй яваад нь баярлаж, бахархдаг. Ээжийнхээ санаснаар явж байгаа, сэтгэлийн тэнхээтэй, ухаалаг хүүхэд. Дүү нь Энэтхэгт сургууль төгсөж, одоо хань бүлтэй болоод сайн сайхан амьдарч байна. Ээж нь хоёр хүүхдээ тэнгэрээс хараад баярлаж байгаа байх гэж боддог. Би хүүхдүүддээ, ач, зээ нартаа хүнтэй эвтэй бай, том боллоо гэж ихэрхэж болохгүй, даруухан, үнэнч, шударга бай гэж захидаг даа.
7