Н.УЧРАЛ Сэтгүүл | Page 2

УИХ-ын СОНГУУЛИЙН 72 ДУГААР ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ
2

ХӨГЖЛИЙН ГАРЦ ҮЙЛДВЭРЖИЛТ

ХЯМРАЛААС ГАРАХ ГАРЦ
Монголчууд бид түүхэн дэх хамгийн сайн амжилт, ололтуудаас хамгийн их уруудалт доройтол руу хөтөлсөн он цагийн гэрч болж байна.
2011 онд Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнээ 17.3 % хүртэл өсгөж түүхэн амжилтын эзэд болж байсан нь саяхан. Гэтэл 2011-2016 оны хооронд энэхүү амжилтаа 0.1 % хүртэл бууруулж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж орхилоо. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхуулж байсан улс оронд юу болох нь энэ вэ?
Олон хүн өнөөдрийнх шиг ийм хүнд нөхцөл байдалд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй байх. Улс төрчид, шийдвэр гаргагчид гадны хөрөнгө оруулалт, түүнийг дагасан мөнгөний урсгал Монгол руу байнга цутгаж байхаар төсөөлж байсан байж магадгүй. Дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ тогтмол өснө гэж тооцоолсон. Гэвч өнөөдөр бүх юм эсрэгээрээ эргэлээ.
Буруу шийдвэр, буруу бодлын үрийг бид өнөөдөр амсаж байна. Монгол улс маань аль хэдийн эдийн засгийн хэт эмзэг, эрсдэлтэй орнуудын тоонд орлоо.
Монгол улсын эдийн засгийн сүүлийн жилүүдийн тоо, статистикуудаас харахад санхүү, эдийн засгийн салбарын чадавх, үзүүлэлтүүд 2012 оноос хойш тогтмол буурч байна. Тухайлбал, АНУ-ын Heritage Foundation байгууллагаас гаргадаг Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2012 онд дунд ангиллаас эрх чөлөөгүй ангилал руу шилжжээ. Энэ нь эдийн засгийн эрх чөлөөг Засгийн газраас хумисан гэсэн үг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын индексээр 2011 онд 71 дүгээр байранд байсан бол 2016 онд 78 дугаар байранд орж ухарлаа. 2011 онд өрсөлдөх чадварын индексээр 3,9 оноотой 99-р байранд байснаа 2016 онд 3,8 оноотой 104 – т орж даруй 5 байраар ухарчээ.
Өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдлаа зөв оношилж, эдийн засгийн уналтын шалтгааныг зөв тодорхойлон ирээдүйд бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадвал эдийн засгийн дампуурлаас( төлбөрийн чадваргүй болох Default) Эх орон маань аврагдана. Учир иймийн тул сонгуульд оролцож буй намууд, нэр дэвшигчид асуудлыг шинжлэх ухаанчаар харж, тооцоолж, бодлогоороо өрсөлдөх замаар үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж чадна гэж би боддог. Ингэж хямралт байдлаас гарах арга замыг эрэлхийлэх цаг аль хэдийн болжээ. Энэ асуудлаар өөрийн санаа бодлыг хуваалцах зорилгоор доорх нийтлэлийг бичлээ.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХЭТ ЭМЗЭГ БАЙНА.
Эдийн засгийн эмзэг байдал гэдэг нь гадаад эдийн засгаас үүдэлтэй шокийн нөлөөллийг тухайн улсын эдийн засаг хэрхэн хүлээж авч байгааг харуулдаг( Лино Бригуглио. Эдийн засгийн эмзэг байдал. 2008) Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлээс хэт хараат байх буюу эдийн засаг нь тогтвортой өсөлтгүй болж өөрсдөө хичээл зүтгэл гаргахгүй, оновчтой бодлого боловсруулахгүй бол гадаад зах зээлийн нөхцөл байдлаас тухайн улсын ирээдүй бүхэлдээ хамаарна гэсэн үг юм. Тиймээс эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлж, эмзэг байдлыг судалж, жил бүр индексжүүлж тодорхойлж байх шаардлагатай. Эдийн засгийн эмзэг байдлыг тодорхойлдог олон аргачлал бий. Эдгээрээс сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн эмзэг байдлыг үндсэн 2 хандлагаар тодорхойлж байна( Seth & Ragab, 2012).
Эхнийх нь эдийн засаг, санхүүгийн салбар дахь тэнцвэргүй байдлаас шууд үүдэлтэй юм. Энэ нь мөнгөний ханшийг хөөрөгдөн иргэдийн худалдах авах чадварыг бууруулж, амьжиргааг дордуулж улмаар эдийн засгийг уналтанд хүргэх эрсдэлийг дагуулж байдаг. Хоёрдахь хандлага нь макро эдийн засгийн эмзэг байдалд эдийн засгийн бүтцийн нөлөөллийг шинжилж авч үздэг. Эдийн засаг аль нэг салбараас бүрэн хамааралтай байх нь үүний бодит жишээ юм. Манай улсын эдийн засаг уул, уурхайн салбараас бүрэн хамааралтай болчихоод байгаа нь үүний тод жишээ мөн.
Өнөөдөр Монгол улсын эдийн засаг эрсдэлтэй хэвээр байна. Үүнийг гадаад сектор, төсөв, мөнгө, валютын ханш, санхүү, нийгэм дэх ядуурал, ажилгүйдлын түвшин, өрхийн дундаж орлого, зээлжих зэрэглэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтүүдээр хэмжиж дүгнэдэг. Гадаад секторт түүхий эдийн экспорт нийт экспортын 50 хувь ба түүнээс дээш бол хэт эмзэг үзүүлэлтэд орно. Монгол улсын түүхий эдийн экспорт нийт экспортын 88 хувь, тэр дотроо 4 төрлийн бүтээгдэхүүн нийт экспортын 78 хувийг эзэлж байна. Энэ бол гадаад секторын хувьд эмзэг байдалд аль хэдийн орсны нотолгоо юм.
Засгийн газрын өр ДНБ-д харьцах харьцаа 60- аас дээш байвал хэт эмзэг байдалд тооцогддог бол өнөөдрийн байдлаар манай улсын тухайд энэ харьцаа 80,5 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 26,5 тэрбум ам. долларын ДНБ байгаа бол 21,5 тэрбум ам. долларын өртэй. Үүнээс гадаад валютын өр ДНБ-ний 62,4 %-тай тэнцэж байгаа нь эдийн засгийн дампуурлын эрсдэлд байгааг харуулж байна. Монгол улс гадаад өр нь өндөр эрсдэлтэй улс орнуудын жагсаалтанд 8-рт явж байгаа бөгөөд бидний урд зөвхөн Африкийн хэдэн орон л бий.
Валютын ханшийн уян хатан байдлын хувьд ч өндөр эрсдэлтэй хэвээр, ханш нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. 2012 онд 1 ам доллар 1400 төгрөг байсан бол 2016 онд 2000 төгрөг аль хэдийн давсан.
Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 6 хувиас дээш байвал хэт эмзэг гэж үздэг бол Монгол улсын чанаргүй зээл нийт зээлийн 9,25 хувийг эзэлж байгаа нь санхүүгийн секторт хэт эрсдэл бий болгож байна.
Ажилгүйдлийн түвшин 10 ба түүнээс дээш хувь байвал эдийн засгийн хэт эмзэг байдал рүү түлхдэг. Монгол улсад ажилгүйдлийн түвшин түүхэндээ хамгийн муу үзүүлэлт буюу 11,6 хувьд хүрлээ.
Тогтмол өсөлттэй байсан өрхийн дундаж орлого 2015 онд анх удаа буурсан үзүүлэлт гарлаа. Өөрөөр хэлбэл, 2014 онд өрхийн дундаж орлого 1,080,145 төгрөг байсан бол 2015 онд 1,047,255 болон 3 хувиар буурчээ.
Олон улсын зээлжих зэрэглэл гаргадаг Standard & Poor`s агентлагаас Монгол улсын зээлжих зэрэглэлийг B + үнэлгээнээс B- болгон бууруулсан бол TE 34 + зэрэглэлээс 34- зэрэглэл болгон бууруулжээ. Энэ нь бизнес эрхлэгчид болон банкууд, Засгийн газарт гаднаас зээл авахад хүндрэл учрах, гадаад эх үүсвэр олдохгүй байх нөхцөл болж байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд хамгийн өндөр өсөлт буюу 484 хувьтай байснаа 2016 онд өсөлт-82,3 хувьд хүрч түүхэнд байгаагүй доод хязгаартаа хүрлээ.
Одоо бид цааш яах вэ?
Ямар арга хэмжээ авч, ямар бодлого хэрэгжүүлэхээс бүх зүйл шалтгаалах эгзэгтэй цаг үедээ байна.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН СОНГУУЛИЙН ШТАБ