ЭРХЭМ ХҮНДЭТ СОНГИНОХАЙРХАНЧУУД ТА БҮХНИЙ ЭНЭ ӨДРИЙН АМАР АМГАЛАНГ ЭРЖ, МЭНДЧИЛЬЕ.
Ням-Осорын Учрал миний бие УИХ-ын 72-р тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд ард иргэдийнхээ ахуй амьдралтай танилцаж, та бүхний урам зориг, итгэл найдвар, инээмсэглэл дунд сонгуулийн сурталчилгааны өдрүүдээ үдлээ. Залуус нь цалингийн зээлтэй, ахмадууд нь тэтгэвэрийн зээлтэй, хүүхэд багачууд нь цэцэрлэг, сургуульгүй гээд амьдралын олон тулгамдсан асуудлуудтай хэдий ч итгэл найдвар тээсэн ард түмнийхээ дунд улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн халуун дулаан сэтгэлээр та бүхэнтэйгээ хамтран ажиллаа. Залуу хүн нийгмийг шинэчлэх, болохгүйг нь болгохын төлөө мэдлэг оюунаа дайчлах ёстой гэж би боддог. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд шударга, зарчимтай, хуулийн хүрээнд, бодлогоороо өрсөлдөх зарчмыг баримтлан ажиллахыг бусад нэр дэвшигчиддээ уриалсан. Гэтэл бусад нэр дэвшигчдийн зүгээс хууль зөрчсөн аливаа үйлдэл бүрийг бусдад нялзаах, миний талаар нийгэмд сөрөг мэдээлэл цацах улмаар өрсөлдөгчөө муухай харагдуулах, сонгогч олноо төөрөгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байсан нь тун харамсалтай.
Н. Учрал миний бие“ өчигдөрөөс илүү өнөөдөр, өнөөдрөөс илүү маргааш” гэдэг зарчмыг баримталж, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Үүнд: төр, хувийн хэвшил, боловсролын салбарын хамтын ажиллагааг сайжруулах, төрийн нэгдмэл цэгцтэй бодлого явуулах зэрэг манай улс оронд ус агаар мэт хэрэгтэй байгаа чухал бодлогууд багтаж байгаа юм. Мөн олон түмэнтэйгээ санал бодлоо солилцож, МАН-ын хүн төвтэй мөрийн хөтөлбөртэй та бүхнийхээ хүсэл зоргийг уялдуулж, ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар гарц гаргалгааг энэхүү сэтгүүлээрээ уламжилж байна.
Сонгогч та бүхний надад хаягласан“ Нэр дэвшигчдэд илгээх захидал” хэдийн 1000 давж, би өдөр бүр сонгогч таны урмын үгээр тэжээгдэж, шийдэх ёстой олон асуудалд анхаарлаа төвлөрүүлж, судалгаанд суурилсан бодлого боловсруулсаар ирлээ. Ард түмний маань авдаг цалин нь амьдралд нь хүрдэг, эрүүл аюулгүй, баталгаатай нийгмийг цогцлоохын тулд төрийн зүгээс олон талын харилцан уялдаа бүхий бодлогыг дэмжин ажиллах учиртай юм. Хүмүүний их амьдрал буцалсан УИХ-ын 72-р тойргийн өрх бүрт зочилж, таны хүү, таны дүү шиг явсан өдрүүдээ би хэзээ ч мартахгүй. Тиймээс та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, ирээдүйн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гал эрмэлзлэл дүүрэн байна.
Ахмадууд маань намайг халуун дотноор тэврээд хацар дээр минь үнсэхдээ“ Миний хүү чинь нүдэнд дулаахан сайхан хүү байна” гэдэг урмын үг хэлж байсныг би сэтгэл догдлон хүлээн авсан. Хэрвээ миний бие та бүхний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдвол 2020 онд дахин ирэхэд ахмад буурлууд, ах эгч та бүхэн намайг“ Миний хүү чинь буянтай сайхан хүү шүү” гэж угтах хэмжээнд өөрийн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллана гэдгийг хариуцлагатайгаар илэрхийлж байна.
Таныг хүндэтгэсэн УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт нэр дэвшигч: Ням-Осорын Учрал
Таны сонголт мэргэн байг.
НЭР ДЭВШИГЧ Н. УЧРАЛЫН
СОНГУУЛИЙН ШТАБ